Каллиграфийн шилдэг дөрвөн бичээч үзэсгэлэнгээ дэлгэлээ
2013 оны 10 сарын 14

976” галерей Монголын орчин үеийн каллиграфийн холбоо хамтран өнгөрсөн долоо хоногт зураач, уран бичээч Ц.Тамир, Д.Ганбаатар, Л.Түвшинжаргал, Д.Баттөмөр нарын "Каллиграфийн урлаг" үзэсгэлэнг дэлгэлээ.

Үзэсгэлэнд оролцож буй уран бүтээлчид гадаад, дотоодын уран бичлэгийн томоохон наадмуудад оролцож, үнэлэгдсэн, тус бүрийнх нь бүтээл “Уран зургийн галерей”-н сан хөмрөгт хадгалагддаг юм. Түүнчлэн каллиграфч Д.Баттөмөрийн хувьд Монголын каллиграф буюу уран бичлэгийн урлагт зохиомж, сэдвийн шинэчлэлийг хийж чадсанаараа үнэлэгддэг бол Л.Түвшинжаргал цагаан бэхийн техникийг чадварлаг ашиглахаас гадна, эрчимт таталтаар бүтээлээ туурвидгаараа онцлог. Тэгвэл Ц.Тамирын ажлуудаас уран бичлэгийг орчин үеийн урлагтай хослуулсан аяс ажиглагддаг. Харин Д.Ганбаатаар уран бичлэгийн уламжлалыг хөгжүүлэхийн зэрэгцээ "Бичиг соёл" төвийг үүсгэн байгуулж, урлагийн энэ өвийг түгээн дэлгэрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж буй.

 

Тус бүрнээ онцлог, арга барилтай эдгээр уран бүтээлчийн үзэсгэлэн Монголын өнөөгийн уран бичлэгийн өнгө төрхийг харуулна. Түүнчлэн эл үзэсгэлэн Австралийн Үндэсний галерейд ирэх оны зургаадугаар сард урилгаар дэлгэгдэх юм.

 

Ингээд дизайнер, зураач, уран бичээч Ц.Тамиртай каллиграфын урлагийн талаар ярилцлаа.

 

-Үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлүүдээс тань энэ “Эхлэл” нэртэй ажил нь их сонирхолтой өвөрмөц шийдэлтэй юм аа. Энэ бүтээл хэрхэн төрсөн бэ?

-Миний “Эхлэл” гээд энэ бүтээл бол өмнөх бүтээлүүдтэй маань уялдаж өгсөн шинэ ажил байгаа юм. Би өмнө нь “Боржигоны бор тал” гэдэг нэртэй наашаа товойн гарсан бүтээл хийж байсан. Түүнийгээ шинэчлээд “Эхлэл” бүтээлээ хийсэн. Уран бүтээлч хүн бол эрэл хайгуул хийж, байнга шинэчлэгдэж байх ёстой гэж үздэг. Энэ бүтээлээ ч гэсэн налалттай, зүгээр тэгш өнцөгт биш сонирхолтой элментүүдийг сонгож авч хийсэн.

 

-Хүмүүсийн хувьд ерөнхийдөө муутуу цаасан дээр бийрээр урнаар бичсэн гэх ойлголтыг л каллиграф гэж үзэх гээд байдаг.  Харин таны үзүүлэх дүрслэл өнөөх л тогтсон жаазтай бүтээлүүдээс тэс өөр юм аа?

-Орчин үед каллиграфт материал, илэрхийллийг чөлөөтэй сонгож авдаг болсон. контемпорари, модерн урлаг ч гэсэн тэр төрөл рүүгээ шүү дээ. Тиймээс каллиграфыг ч гэсэн заавал нэг улиг болсон жаазтай биш өөр шинэлэг байдлаар л хийх гэж оролдсон. Дүрслэх урлаг, хөгжим хоёр бол үгээр тайлбарлаад байхгүй өөрөө өөрийгөө илэрхийлээд явчихдаг урлаг.

 

-Каллиграфын хувьд монгол босоо бичгийг өөрчлөн урлаг тал руугаа хувирган зурахад нөхцөл боломж ихтэй гэж ярьдаг л даа.

-Хүмүүс каллиграф гэхээр амархан биччихдэг юм шиг ойлгодог. Гэтэл бийрээр бичнэ гэдэг чинь тийм ч амар зүйл биш шүү дээ. Бийрнийхээ хүнд, хөнгөн даралтыг тохируулна. Зөвхөн нэг зурлагыг л зурж сурахын тулд хэдэн мянга дахин давтаж байж гартаа оруулдаг. Каллиграф бол миний бодлоор бүх насаараа суралцах урлаг гэж ойлгодог. Нэг талаасаа каллиграф бол дүрслэх урлагийн бүтээл.

 

-Каллиграфт тухайн уран бүтээлчийн өөрийг нь илэрхийлж буй тамга их чухал үүрэг гүйцэтгэдэг бол уу?

-Тийн шүү. Тамгыг л гэхэд тухайн том, жижиг бүтээлээсээ болоод яг хаана нь зохиомжийг нь олж дарах уу гэдэг чинь уран бүтээлч хүнээс асар өндөр мэдрэмж шаарддаг. Тамгыг буруу дарвал тухайн бүтээлийн амин сүнс унадаг талтай. Яг нүдийг нь олж хатгасан тамга бол шал өөр шүү. Үргэлжилсэн дан бичигтэй бүтээл байлаа гэхэд том болон жижиг бичиг нь хаанаа байх уу гээд зохимжийн талаас асар өндөр мэдрэмж шаарддаг урлаг л даа. Заавал нэг үгийг гаргацтай бичих албагүй. Жишээ нь “М” үсгийг жаахан хэтрүүлэгтэй бичиж болдгоороо л монгол каллиграф онцлог уран бүтээл хийх боломж ихтэй.

 

элхийн цөөн хэдэн үндэстэний дунд каллиграф нь урлаг болтлоо хөгжсөн. Харин монгол тэдний нэг байх. Тиймээс калиграф бол монголын урлагийг дэлхийд таниулах томоохон хүчин зүйл гэдэгтэй та санал нийлэх үү?

-Каллиграфын урлагаар хамгийн алдартай улс бол Хятад. Учир нь каллиграф бол хятадын соёлын салшгүй хэсэг бөгөөд хятадын ард түмний дунд ихээхэн нэр хүндтэй байдаг. Каллиграф Хятад, Япон улсын хувьд дүрс үсэг учраас жаахан буруу л зурчихвал өөр утга гаргаад явчихдаг. Харин Монгол бичиг бол үсэг учраас хэтрүүлэгтэй татаж болдгоороо Азийн орон дотроосоо ялгаатай. Каллиграфыг ганцхан Азийн урлаг гэж ойлгож болохгүй. Ер нь Европ болон Арабууд өөр өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой, янзын гоё бүтээлүүд туурвидаг.

 

-Хамтран үзэсгэлэнгээ гаргасан каллиграфчдынхаа талаар танилцуулаач?

-Манай Орчин үеийн каллиграфчдын холбооны дөрвөн шилдэг уран бүтээлчийг сонгон 976 галерейгаас санал тавьсан юм. Тэгээд бид дөрөв хамтран үзэсгэлэнгээ гаргаад байгаа нь энэ. Энд манай Орчин үеийн каллиграфчдын холбооны тэргүүн Д.Баттөмөр болон Л.Түвшинжаргал, Д.Ганбаатар нар оролцсон. Бид бүгд өөр өөрийн гэсэн онцлогтой. Миний хувьд  орчин үеийн контемпорари, модерн чиглэлтэй хийдэг бол Баттөмөр ах монголын орчин үеийн каллиграфт шинэ салхийг оруулж ирсэн нэгэн. Тэрбээр зохиомж болоод татлагын өөрчлөлтийг хийсэн. Түвшинжаргалын хувьд цагаан бэхийн техникийг гарамгай эзэмшсэн. Харин Ганбаатар бол уламжлалыг барьж эхний тод хар өнгийг маш сайн гаргаж уран бүтээлээ туурвидаг. Манай каллиграфчид гадаад, дотоодын томоохон үзэсгэлэнд нэлээд оролцсон. Тэдний бүтээлүүд Монголын үндэсний алтан сан хөмрөгт хадгалагддаг. Уран бичээчийн улсын уралдаанд авч үзээгүй байр байхгүй. Тийм л уран бүтээлчид энэ удаагийн үзэсгэлэнд ороцлож байна. Эдгээр уран бүтээлчид маань их олон шавь нарыг төрүүлсэн.

 

-Таны бэхэн зургуудын онцлог юу вэ?

-Би бэхэн зургийг оролдон татдаг. Манай багшийн сургалт бэхэн зургаар шууд нэг амьсгаагаар татдаг. Бэхэн зургуудын хувьд бийрээр шууд татдагаараа онцлог. Мөн энэ цацалтууд хүртэл учиртай. Хаана нь цагаан үлдээх үү гэдгээ мэдэрч байж тухайн уран бүтээлч дотоод сэтгэлийн хөдөлгөөнөө бүрэн гаргаж чаддаг урлаг. Дүрслэх урлагийн хийсвэр урлаг буюу абстракт төрөлд хамаарна.

 

-Каллиграфыг орчин үеийн урлагтай хослуулан хийж байгаа нь таны одоо эрхэлж байгаа ажилтай салшгүй холбоотой юу?

-Миний үндсэн мэргэжил график, дизайнер. Одоо “Голомт” банкинд мэргэжлээрээ ажилладаг. Тэр маань миний бүтээлүүдтэй холбоотой. График, дизайн бол орчин үеийн бүтээлүүдийг маш сайн судалж байж хийдэг бүтээл л дээ. Каллиграфт тамгын зохиомжийг олж хийгээд байгаа ч миний өдөр тутмын ажилтай салшгүй холбоотой, хосолж байдаг урлагийн төрлүүд.

 

-Та хэдэн жил каллиграфаар хичээллэж байна?

-Аав маань манай ангийн монгол бичгийн багш байсан. Дөрөвдүгээр ангиасаа хойш ааваараа монгол бичиг заалгасан. Ингээд намайг есдүгээр ангид байхад “Ил товчоо” сонины эрхлэгч байсан Аким гуай сониныхоо нэрэмжит монгол бичгийн уралдааныг зарлаж, шилдэг бүтээлүүдийг нь сонин дээрээ тавьдаг байсан. Түүнийг их шимтэн үзэж байгаад энэ урлагт дурласан. Ингээд сургуулиа төгсөөд 1997 онд тэр уралдаанд нь тусгай байр эзлэснээс хойш урамшин, өнөөг хүртэл тасралтгүй хичээллэж байна.

 

"Каллиграфийн урлаг" үзэсгэлэн “Maxmall” төвийн тавдугаар  давхарт байрлах “976” галерейд энэ сарын 27-ныг хүртэл үргэлжилнэ.

 

Г.Даша